Хүүхдийг хүмүүжүүлэх монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас…

Хүүхдийг хүмүүжүүлэх монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас…

Хүнээр хүн хийж авна гэдэг бол эцэг эхчүүдийн ихээхэн тулгамддаг зүйлүүдийн нэг юм. Гэхдээ манай монголчууд хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж хүнээр хүн хийж авахдаа олон арван жилийн арвин туршлагатай ард түмэн юм. Монголчууд ихэвчлэн хүүхдийн хүмүүжилд ардын аман зохиолыг түлхүү хэрэглэж байсан байна. Үүнд: үлгэр, домог, туульс, зүйр, цэцэн үг, түргэн хэллэг, жороо үг, дайралцаан, мэтгэлцээн, наадам үг зэргээр хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж, уран цэцнээр өгүүлэх чадвартай, оюун ухааны өндөр чадамжтай, сэтгэн бодох чадваруудыг нь түлхүү хөгжүүлдэг байсан байна. Мөн үүгээр зогсохгүй тоглоом наадмаар хүүхдийг хүмүүжүүлдэг байсан. Үүнд: морь уралдах, хөвгүүдийг хооронд нь барилдуулах, цүү хаях, ардаа алчуур хаях, нуугдаж тоглох зэрэг тоглоом наадгайг хүүхэд хүмүүжүүлэх гол арга хэрэгсэлээ болгож байсан байна.
Мөн түүнчлэн монголын ард түмэн олон зууны турш хүүхдийг сурган хүмүүжүүлэх хэд хэдэн арга хэрэгслэлтэй байсан байна. Үүнд:
•  Монгол ард түмний зан заншил, ёс заншил
•  Эх хэл
•  Гэрийн сургууль гэх зэрэг арга хэрэгсэлүүд байдаг байна.
Мөн түүнчлэн монголчууд эрт дээр үеэс хүүхэд бүрийн зан авир өөр өөр байдагтай холбогдуулан өөр өөр аргаар сургаж хүмүүжүүлдэг байсан байна.
Жишээлбэл: Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга!
Ууртай хүнд ширүүн хэлбэл аюул болох тул ухуул!
Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна!
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул битгий хэрэгс! гэх мэтээр тусгасан байдаг байна.
Мөн хүүхдийн сурган хүмүүжүүлэхэд дараах зүйлсийг мөрдөх нь чухал. Үүнд:
Ардын сурган хүмүүжүүлэх 10 зарчим
1. Хүүхдээ зөв хайрла.
2. Хүүхдээ хамгаалж яв.
3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ.
4. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад.
5. Хүүхэдтэй цуг үйл хий.
6. Хүүхэддээ амьдрах ухаан заа.
7. Өөрийнх нь хүч чадлыг хэлж өг.
8. Чих зөөлөнтэй болго.
9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу.
10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга.
Хүүхдэд цээрлэх 6 зүйл
1. Гашуунаар бүү тэтгэ. Архи дарс гэх мэт согтууруулах ундаа хүүхдийн ой ухаанд муугаар нөлөөлдөг.
2. Амттанаар бүү цатга. Их чихэрлэг зүйл хэрэглэснээр шүд өвдөх чихрийн шижин болон бусад өвчлөлүүд үүсэх магадлалтай.
3. Өнгөнд бүү шунуул. Хүүхдийг багаас нь үнэт зүйл эдлүүлснээс хожим хэтэрхий цамаан болдог.
4. Мөнгөнд бүү шунуул. Хэтэрхий тансаглахаас болгоомжилж, аав ээжийн ариун цагаан буяныг арвижуулан хямгадах
5. Улай бүү үзүүл. Хүүхдэд улай үзүүлэх, элдэв хорон үг хэлэх, хэрэлдэх, зодолдох зэрэг үйлдлийг үзүүлэхгүй байх.
6. Нойронд бүү автуул. Манай ард түмэн ургах нартай уралдан босож ажил төрлөө амжуулдаг. Хэтэрхий их унтах нь цаг хугацаа алдах аюултай. Мөн монголчууд “Унтах идэх нь ихэдвэл уруудахын” шинж ч гэж ярьдаг.
Мөн түүнчлэл монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд:
“Гурав хүртлэх насны хүүхдээ хаан мэт дээдэл.
Тав хүртлэх насны хүүхдийг хатан мэт хайрла.
Таваас дээш насны хүүхэдтэй харцын ёсоор харьц.
Арван гурваас дээш насны хүүхэдтэй найзын ёсоор харьц” гэсэн байдаг ба энэ нь хүүхдийн нас насны онцлогт нь тааруулж харьцаж байх нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг гэсэн санааг агуулж байгаа юм.
Eh survalj: Mama.mn

Гэр бүл

www.youtube.com/watch?v=UOHOxHDyk-E

Хорин насандаа цагаа үрэхэд хэтэрхий хайран 9 алдаа

Хорин насандаа цагаа үрэхэд хэтэрхий хайран 9 алдаа

20-29 нас бол урд чинь байгаа ирээдүйн замналын ихэнхийг шийдвэрлэдэг үе. Чиний насанд алдаж үзээд, буцаж босох нь “байгалийн жам”. Гарцаагүй байдалд ороод бүдэрсэн үед өөрийгөө буруутгалгүй, унасан газраа харж, шороогоо гөвөөд л үргэлжлүүлэх нь залуу насны аз жаргал. Гэхдээ маш олон арга зам өмнө дурайж байхад заавал бурууг нь сонгох нь мөч бүрийг нь нандигнах ёстой хайран он жилүүдээ гарынхаа салаагаар урсгаж байгаагаас ялгаагүй юм.

 Хорин насандаа цагаа үрэхэд хэтэрхий хайран 9 алдаа
Хойчдоо “Би амжилтынхаа гарааг хорин хэдтэйгээсээ эхэлсэн юм” гэж үнэт түүх болгон ярьдаг эмэгтэй байхыг хүсч байна уу, эсвэл зөвхөн “азтай” гэж эндүүрэгддэг цөөнхөөс гадуур үлдэх үү гэдэг бол чиний л сонголт. Амжилтанд хүрэх түлхүүрийг бүгд өөрсдийнхөө гарт байгаа гэж боддог боловч мэдсээр байж далийгаад явчихсан хүмүүсийг бид олон харж байсан. Өөртөө хүсч байгаа бүхий л сайхан зүйлсээ чам дээр хүрч ирэх нөхцлийг бүрдүүлэх үе чинь одоо л мөн. Хувь заяагаа бүтээх боломж 20-иод насанд хамгийн элбэг олддог юм. Харин энэ үед хийж цагаа үрээд хэрэггүй 9 алдаа бол энэ:

1. Мөрөөдлөө бүтээхийн төлөө биш, мөнгө олохын төлөө ажиллах
Чиний ур чадвартай нийцэж байгаа гэсэн шалтгаанаар нэг ажлын байран дээр удах хэрэггүй. Өөрийгөө байнга шинэ зүйлд сорьж, хөгжин дэвших арга замыг хайн мөрөөдлөө бүтээн байгуулахын төлөө зүтгэ. Тэгэхгүй бол чи залуу насныхаа хамгийн эрч хүчтэй хэсгийг өрөөлийн мөрөөдлийг биелүүлэхэд зориулсан байх болно. Яг одоо ямар ч утгагүй үйлдэл мэт санагдахаар байсан ч үнэ цэнэтэй, чухал зүйлийг хийхэд цагаа зарцуулаарай. Дараа нь энэ бүхэн чамд том туршлага, бас зүг чиг болох болно. Түрхэн зуурыг хэрхэн аргацаах тухай биш, одооны нөхцөл байдлынхаа алсын харааг яаж олох талаар л үргэлж эргэцүүл. Сар бүрийн тогтмол цалин чинь яг үнэндээ чамайг илүү хол урагшлуулж чадаж байна уу? Мөнгө бол хий хоосон зүйл. Тиймээс чамд юуг ч шинээр өгөхгүй байгаа ажилтай битгий наалд. Энэ бол эрүүл бус харилцаа. Хэдэн жилийн дараа чи олсон мөнгө биш туулсан зам л хүний амьдралыг утга учиртай болгодгийг ойлгох болно.

2. Итгэлийг биш танилуудыг цуглуулах
Олон танилтай байх нь татгалзмаар зүйл биш боловч чамайг нийгмийн “өвчлөл”-д өртөөчихөж магадгүй. Янз бүрийн хүмүүсээр зогсоо зайгүй хүрээлүүлэх нь чамайг чухал хүн гэдгийг алхам тутамд мэдрүүлэх ч чамайг тэр олон дүр дотроос өөрийнхийгөө ололгүй төөрөлдөхөд хүргэж болзошгүй. Өөртөө хэрэгтэй гэсэн хүн болгонтой холбоо тогтоох гээд хэрэггүй, бас хэзээ ч хэн нэгнийг үл ойшоож болохгүй. Итгэл бол танилаас илүү ач холбогдолтой “капитал”. Өнгөн, үзэмжин дээр л суурилсан харилцаануудыг цөөлж өөртөө чухал хүмүүсийн чамайг гэсэн итгэлийг харин чандлан нандигна.

3. Гэр бүл үргэлж нэгт гэдгийг мартах
Чамайг юунд ч хүрээгүй байхад хүртэл дэмжиж явсан хүмүүсийг өчүүхэн амжилтанд хүрэхийн тулд орхигдуулж яавч болохгүй. Хэрвээ чи энэ бүхнийг хайртай хүмүүсийнхээ төлөө хийгээгүй бол, чи бүхнийг буруу үйлдэж байна гэсэн үг. Юу ч тохиолдсон гэр бүл чиний хувьд үргэлж эн тэргүүнд жагсах ёстой. Өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө хөдөлмөрлөж эхлэвэл чи тэднийхээ дэмээр илүү хол урагшилна.

4. Өөрийгөө амралтыг хүртэх эрхтэй гэж бодоод алгуурлах
Чамд амралт хэрэгтэй байна уу? Өөрийгөө эрхлүүлэх дуртайг чинь мэдэж байна аа. Гэхдээ Марк Кюбан бизнесээ босгохоосоо өмнө 7 жилийн турш тасралтгүй ажилласан юм шүү. Залхуурах хэрэггүй. Эрүүл мэнд бол гэр бүлийн дараа орох зүйл учраас зогсоо зайгүй толгойгоо ажиллуулж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ ажлынхаа хажуугаар найзуудтайгаа 14 хоног болгон шөнийн бүжиг хийх зав гаргаад байгаа хэрнээ л өөрийгөө хэт их ачаалалтай байна гэвэл эндүүрэл. Сурах, мэдэх, хийж үзэх зүйл чинь ундарсаар л байна. Өмнө нь түүнийг олж хардаг байсан нүд чинь л жаахан залхуу болчихоо юу даа?

5. Амьдралд чинь ямар ч үнэт зүйл болдоггүй нөхөрлөлд цагаа үрэх
Чамайг өөрийнхөө хамгийн сайн хувилбараа олоход үргэлж тусалж, асуудлыг шийдвэрлэх гарцыг олох итгэл найдварыг бэлэглэдэг хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүл. Хамаг шинэ санааг чинь юу ч үгүй хоосолж орхидог гутранги үзэлтэй, хүсэл тэмүүлэлгүй найзуудаа өөрчлөх гэж хичээгээд ч хэрэггүй.

6. Бэлтгэлгүй зүйлдээ хайнга хандах
Татгалзах шалтгаанаа ганц нэгхэн болтол цөөлөөгүй мөртлөө л хүүхэд олох эрсдэлтэй шөнүүдээс өөрийгөө хорилгүй, дураараа явах зэргийг үүнд багтаана. Санаандгүй ирсэн аз завшаан, хувь заяаны бэлгүүд амьдралд олон тохиодог ч огт төлөвлөөгүй байсан юм бүхэн хэсэгтээ л самгардалд оруулдаг. Тийм учраас л бид бүгдэд 10, 20 жилийн уртын төлөвлөгөө хэрэг болдог юм.

7. Урсгалыг сөрөхийн оронд уйтгартайгаар дагах
Цаг үеийн хит мэдээллүүдээр толгойгоо дүүргэх нь нэг талаараа сайн хэрэг ч, нийгэмдээ нийцэхийн тулд л үүнийг хийгээд байвал нэг мэдэхэд чамайг бусдаас ялгахад хэцүү болж мэднэ. Трендийг дагадаг биш, трендийг үүсгэдэг хүн болохоор зорь. Мундаг хүмүүсийг харж, үлгэр жишээ авахынхаа хажуугаар хүний гишгэсэн мөрийг дагасаар өөрийнхөө очих ёстой цэгийг олох нь тун хэцүү гэдгийг санаарай.

8. Эргэн тойрноо эрч хүчээр дутаах
Чиний хамт олон дунд авьяас чадварыг чинь гүйцэхгүй хүн ганцаар тогтохгүй байж болно. Гэхдээ тэдэнд урам зориг өгөх нь чиний өөрийнхөө өмнө хүлээх үүрэг юм. Өөрчлөлт чамаар л эхэлнэ. Юу ч хийлгүйгээр, зөвхөн муу нөхцөл байдалд бухимдах нь чамайг бусдад бурууг өгдөг нэгнээс өөр хэн ч болгохгүй. Бид бүгд тус тусдаа хүмүүс боловч үргэлж нэгнийхээ дэмэнд хүчирхэгчиж байдаг.

9. Үйлийн үрийг мартах
Шашны номлол ярих гээгүй юм шүү. Гэхдээ хэн нэгний зүрхийг шархлуулах, бусдыг хууран мэхлэх, итгэл даасан хүнээсээ урвах, атаархуу хорссон сэтгэлийн үүднээс аливаад хандах гэх болгондоо бид “үйлийн үр” гэж нэг айхтар юм байдгийг санах хэрэгтэй. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг үнэн үг ховор бөгөөд юм бүхнийг хайраар үйлдсэн цагт чи хөгширсөн хойноо ч бүх хүний өмнө нүүр бардам инээмсэглэж чадна. Амьдралынхаа төгсгөлд шаналлын үрчлээсгүй байхын тулд өнөөдрийг сайнаар өнгөрүүлээрэй.

Эдгээр алдаанаас хэдийг нь гаргасаар амьдардаг юм шиг байна? Хэд нь ч байсан хамаагүй ээ, одоо сайхан гүнзгий амьсгал авчих. Тэгээд засах боломж үргэлж байдаг гэдгийг, бас нар чамаас хэзээ ч нүүрээ буруулахгүй гэдгийг санаад инээмсэглэ.

Ном уншсанаар эзэмшиж болох чадварууд:

  1. Бусдыг сонсож сурах /хүний яриаг таслахгүй байх/
  2. Хэнд ч муу зүйл хийхгүй байх, шоолохгүй байх
  3. Ажилд дуртай болох /ямар нэг зүйл бүтээх сонирхолтой/
  4. Өөрийн сонгосноо зөв замаар олж авах
  5. Зөв сайхан ярих /бүдүүлэг үг хэрэглэхгүй байх/
  6. Орчин тойрноо хайрлан хамгаалах /цаас, шил гэх мэтийн хаягдлыг дахин боловсруулахын төлөө хичээл зүтгэл гаргах, ой модоо хайрлан хамгаалах, мод тарихын ач холбогдлыг ойлгох, хот орчноо цэвэр байлгах/
  7. Бусдын даатгаж үлдээсэн зүйлийг хайрлйн хамгаалах
  8. Аюул, ослоос сэргийлэх
  9. Бодол санаа, мэдрэмжээ зөв, чөлөөтэй илэрхийлэх
  10. Бусдын сэтгэлийг ойлгох
  11. Бусдыг хүндлэх /замын хөдөлгөөний дүрмийг сахих, дараалалд зогсох гэх мэт/
  12. Тэвчээртэй байх, хүнд хэцүү нөхцөлд зоригтой байх
  13. Замбараатай, төлөвлөгөөтэй байх /цаг хугацааны үнэ цэнийг ойлгох/
  14. Ном уншихын ач холбогдлыг ойлгох, унших, сонсох дадалтай болох
  15. Зорилготой байх /зөв зорилт тавих/
  16. Хариуцлага хүлээх чадвар эзэмших /үүргээ биелүүлээгүйгээс гарах муу үр дагаваруудыг ойлгох/
  17. Муу зуршлаас хол байх
  18. Соёлч боловсон байдалд сурах
  19. Хүмүүст туслах
  20. Бидний биеийн бүтэц ямар гайхамшигтай, ямар нарийн бүтэцтэй болохыг олж мэдэх
  21. Хийсэн алдаандаа уучлалт гуйж сурах
  22. Өгөөмөр сэтгэлтэй байх
  23. Бусдыг хайрлан халамжлах
  24. Эцэг, эхийн хайр энэрлийг ухаарах,тэднийг хүндэтгэх
  25. Ах дүү нараа асран хайрлах
  26. Ахмад настныг хайрлах, хүндэтгэхийг
  27. Биеэ зөв авч явах
  28. Бусадтай аливааг хуваалцах
  29. Зөв шударга байхын ач холбогдол
  30. Томчуудыг хүндэтгэх, тэдний үгийг сонсож сурах
  31. Халуун ам бүлээрээ байхын сайхныг ойлгох
  32. Хэлсэн амандаа хүрэхийн ач холбогдол
  33. Ариун цэврийг сахих
  34. Ариг гамтай байх, эд зүйлсээ гамтай эдлэх
  35. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авахгүй байх, хулгай хийхгүй бай
  36. Эрүүл байх болон зөв хооллохын ач холбогдлыг ойлгох
  37. Талархлаа илэрхийлж сурах
  38. Зурагт үзэх цагаа тогтоож сурах
  39. Ах дүү, хамаатан садан, айл хөршийн хүмүүстэй сайн харилцаатай байх
  40. Өвчтэй нэгнийгээ эргэж, асарч халамжлахыг сурах
  41. Амьд байгаль, орчин тойрноо хайрлан хамгаалах
  42. Зөв цэвэрхэн хувцаслах
  43. Эхэлсэн ажлаа дуусгаж сурах
  44. Бусдыг уучилж сурах
  45. Уур бухимдлаа барьж сурах
  46. Асуудлыг оновчтой шийдвэрлэхэд сурах
  47. Дур мэдэн аливаа асуудалд хандахгүй байх буюу томчуудын зөвшөөрөлтэйгөөр хандах
  48. Аз жаргалтай байхын нууц нь бусдыг ойлгон хүндэтгэхэд байдаг гэдгийг ойлгох
  49. Зочдыг найр тавин хүлээж авах, тэднийг хүндэтгэн зочлох
  50. Найз нөхдөө асууж сураглаж сураглаж байх, анхаарал тавих
  51. Мэндлэх, амар мэндийг асуухын чухлыг ойлгох

Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

Бидний амьдралын утга учир бол яахын аргагүй гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд миньбилээ. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай, ямар нэгэн таагүй зүйлд бүү ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.Эцэг эхчүүдийн ихэнх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэд сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр хоёр үеийнхний дунд харилцан ойлголцолд хүрэхгүй байгаа энэ үзэгдэл маш их тархацтай байгааг ССҮТ-н хүүхдүүдийн дунд явуулсан судалгаа батлан харуулав. /нийгэм сэтгэл зүйн хөгжил/

Шалтгаан нь юу вэ?

  1. Эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсдоггүй.Харилцааны явцад хүүхдийнхээ хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд сонсолгүй, өөрт төрсөн бодол сэтгэгдлийг хэлж, зааж зааварчилдаг. Эцэст нь эцэг эх өөрсдөө л маш их ярьсанаас болж “би хүүхэдтэйгээ ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
  2. Эцэг эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг.Томчууд бид өдөр тутамдаа дараах мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Үүнд: даарах, халууцах, өлсөх, цангах, айх, баярлах. Эдгээр мэдрэмжүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулсанаар би хүүхдээ маш сайн ойлгож, сонсдог гэсэн ташаа ойлголтыг өөрсөддөө авч байдаг.
  3. Эцэг эхчүүд өөрсдөө худал ярихыг багаас нь үлгэрлэдэгээ анзаардаггүй.Жишээ нь: даргыгаа залгах үед хүүхэддээ “утас аваад аавыгаа байхгүй гэж хэлчих”- гэж зааж өгдөг.

Яаж хүүхдээ сонсдог болох вэ?

  • Анхааралтай сайн сонсож яриаг нь дуусгаж байх хэрэгтэй.Ингэсэнээр таны эргэлзээ тайлагдаж та түүнийг илүү сайн сонсож ойлгох болно.
  • Хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж сур. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол “магадгүй би 13 настай байсан бол яах байсан вэ?” гэж тухайн зүйлд ханддаг, боддог байх хэрэгтэй.
  • Үргэлж сайн дэмжигч гэдэг итгэлийг төрүүлж, мөн итгэлийг даа.“Аавд битгий хэлээрэй”- аавд дамжуулсаныг мэдсэн тохиолдолд хүүхэд танд итгэж өөр зүйлийн талаар ярихгүй. Хүүхдийнхээ итгэлийг олж авсаны дараа хүүхэд танд сэтгэгдлээ нээлттэй хуваалцдаг болно.
  • Зөв бурууг нь хослуулан тайлбарла. Эцэг эхчүүд бурууг нь олж хараад зөвийг нь орхигдуулдаг. Хийсэн зүйлийн юу нь буруу, юу нь зөв болох талаар мөн гарах үр дагаварыг нь маш сайн ойлгуулах ёстой. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хувь хүн учираас түүнд бас таалагддаг, таалагддаггүй зүйл гэж байгаа гэдгийг сана.
  • Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гарга.Өдөрт хүүхэддээ багахан ч гэсэн цаг гаргаж юж хийсэн талаар? Ямар байсан тухай? Маргааш юу хийх? талаар ярилцаж сонсож хэвшсэнээр дараагийн удаа хүүхэд тань таныг асуугаагүй байхад танаас асуух болно.

Танд амжилт хүсье

Эх сурвалж:  http://psychology.mn/index.php?newsid=155