a97df653f601cbbd1a14e9770a935ff4

Гэр бүлийн харилцааг сүйрүүлдэг 10 алдаа

Хорвоогийн хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд болоод гэр бүл байдаг билээ. Бие нь эрүүл саруул, гэр бүлийн харилцаа нь тогтвортой, хайраар бялхсан байвал тус хүнийг хамгийн жаргалтай, хамгийн баян хэмээн нэрийддэг юм. Гэвч өдгөө залуу гэр бүлүүд хамтран амьдраад удаагүй хэрнээ муудалцаж, нэгэнт эргэж эвлэрэхээргүй ан цавыг харилцаандаа үүсгэх нь олонтаа. Чухам юу хосын харилцаа сүйрүүлэхэд гол тулгуур болж байгааг та бүхэндээ дуулгая.
1.Шүүмжлэл

Мэдээж буруу зүйл хийсэн хүнийг шүүмжилж, алдааг нь хэлж өгөх зүйн хэрэг боловч, хийсэн бүхнийг нь шүүмжилж, хэрэггүй амьтан мэт ойлгуулах нь гэр бүлийн харилцааг хөндийрүүлж эхэлдэг юм. Энэ нь удаан үргэлжлэх тусам нэгнээ залхааж, дургүйг нь хүргэхээс гадна цаашлаад салах тухай ч бодож эхэлдэг аж. Тиймээс хийсэн зүйлсийг нь шүүмжлэх биш, эхлээд магтаал сайшаал харамгүй бэлэглэж, харин дараа нь алдааг нь тулгаж хэлэх биш өөрийн үзэл бодлыг бага зэрэг тусгаж өгвөл зүйтэй юм шүү.

2.Хов жив

Хов жив гэдэг хамгийн хэрэггүй зүйл юм шүү. Гэр бүлийн гишүүнээ энд тэнд очин муугаар ярих огт хэрэггүй аж. Хожим хойно үүнээс болж асар их асуудалд үүсч, харилцааг нэг мөр үгүй хийж ч мэднэ. Мөн бусдын амьдралыг өөрсдийнхтэйгээ жишиж, энэ нь дутуу байна дүүргэнэ, энэ нь илүү байна хэмээн дөвийлгэж ярих огтхон ч хэрэггүй. Энэ нь таны ёс журам, ухааны цар хүрээг илтгэж өгөх тул хэрхэвч атаач, жөтөөч байж болохгүй байна.

3.Гуравдагч хүн

Хосын амьдралд хамгийн илүү зүйл бол гуравдагч этгээд. Энэ нь хэн ч байж болно. Ээж, аав, найз нөхөд, эгч дүүс гээд л… Ямартай ч эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр өөрсдийн харилцаанд гуравдагч этгээд оруулахаас ямагт зайлсхийж яваарай. Энэ нь гэр бүлийн харилцаанд хоромхон зуурт ан цав үүсгэж орхихоос гадна үүнийг хэвийн байдалд оруулахад багагүй хугацаа шаардагдах юм.

4.Худал, хуурмаг

Худал хэлж үзээгүй хүн гэж байхгүй нь лавтай. Гэхдээ гэмгүй ганц нэг худал хэлж болох ч амнаас гарах бүх үг нь худал хуурмагыг дурдах хүн хэн бүхний эгдүүг хүргэж, үзэн ядалтыг хүртдэг байна. Та худал хэлдэг байлаа ч хань ижилдээ хэзээ ч бүү худал хэл. Тэр таны нөгөө талыг нөхөж, хамтдаа нэгэн цул болохоор ирсэн тул түүнийг өөрийнхөө хэсэг гэж үзэн, бүхнийг чин шудрагаар хэлж байгаарай.

5.Өөрчлөх гэж оролддог

Хайрлах нь тухайн хүнээ хүлээн зөвшөөрөхийн нэр хэмээн ойлгож болно. Хүнийг өөрчлөнө гэдэг тийм ч амар зүйл биш. Тиймдээ ч хосууд өөрсдийн давуу болоод дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй юм. Нэгэнт муу сайн бүхнээ мэдэлцэж, хүлээн зөвшөөрсөн хосуудад ямар саад учирна гэж? Ийм хосууд цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүчирхэгжин, хайр сэтгэл нь нэмэгдэж байдаг аж. Харин эсрэгээрээ хайртай хүнийхээ бүхий л дутагдлыг засч, өөртөө таарах нэгэн болгох гэж оролдох хүмүүс олон бөгөөд үүний улмаас харилцаагаа үгүй хийх нь ч бий.

6.Буулт хийдэггүй

Хоёул биеэ өмөөрөн, өөрсдийн зөв гэж үзэн, уучлал гуйхаас татгалзаж, буруу харцгаах нь таны амьдралдаа хийж буй хамгийн том алдаа болж ч мэднэ. Энэ байдлаар удаан үргэлжлэвэл жижигхэн маргаан нь салалтын үндэс болж бяцхан үрс хохирч болзошгүй байна. Тиймээс нэг нэгэндээ буулт хийж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаарай. Салах дэндүү амархан ердөө хэдхэн үгнээс болж ч мэднэ, харин салсан гэр бүлийн буцааж нийлүүлнэ гэдэг хамгийн хэцүү юм шүү.

7.Төгс байлгахын хүсдэг

Төгс, ямар ч өөгүй бүгдэд 100 хувь таалагдах хүн гэж хаана ч үгүй. Тиймээс өөрийн ханиа төгс байлгах бүү хичээ. Түүний алдаа дутагдлыг ч мөн хайрла. Ийн гэр бүлийн хүнээ байнга л төгс байхыг шаардаж, түүнийг өөрчлөх гэж хичээх нь хайрыг үгүй хийж, харилцааг сүйтгэдэг гэмтэй юм. Ингэхэд та өөрөө төгс хүн гэж үү? Энэ талаар ч мөн эргэцүүлээд үзээрэй.

8.Эрх, үүрэг

Эрт цагаас л эхнэр нөхрүүд тус тусын үүрэг хариуцлагыг үүрч, эхнэр нь үр хүүхдээ өсгөн, хүмүүжүүлж, эр нөхөр нь гадуур дотуур ажлаа зохицуулж ирсэн билээ. Харин он цаг улиран одох тусам тус байдал алдагдаж, эхнэр нь нөхрөөрөө гэрийн ажлаас хийлгэхийг хүсч, эр нөхөр нь тэр бүхнийг эхнэрийн үүрэг хэмээгээд, тааваараа хэвтэхийг илүүд үзэх болоод байгаа аж. Үүнээс үүдэн харилцан адилгүй эрх үүргийн ялгаа үүсч, хэрүүл маргаан, үл ойлголцлыг өдөөж өгч байгаа юм. Харин тус явдлаас сэргийлэх цор ганц арга бол сайтар ярилцаж, харилцан бие биедээ туслах аж. Өдгөө хүн бүхэн үүргээсээ илүүтэй өөрийн эрхийг эдлэх гэж дайрах болсноор ёс журам, эрэмб зэрэг нь алдагдаж, үүнээс улбаалан гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн харилцаа зэрэг алдагдахад хүрээд байгаа билээ.

9.Өөртөө цаг гаргадаггүй

Тухайн хосууд 7 хоногийн 24 цаг хамт байх боломжгүй, энэ нь ч утгагүй юм. Тиймээс бие биедээ хувийн орон зайг гаргаж, найз нөхөд болон хобби зэргийг нь ойлгож, хүлцэнгүй хандах хэрэгтэй байна шүү. Зөвхөн хайртай хүндээ чөлөөт буюу ганцаараа дуртай зүйлсийг нь хийх цагийг гаргах ч бус өөртөө ч мөн гаргаж байх нь хамгийн зөв шийдэл болдог. Мөн таны нэгэнт тогтсон амьдралын хэвшлийг хайр сэтгэл эвдэнэ гэдэг нь байж боломгүй зүйл гэдгийг ухааран, хэн хэндээ хувийн орон зайг нь бий болгож өгөх ёстой аж.

10.Юу ч боддоггүй

Бид уурласандаа үедээ юу ч бодож, тунгаалгүй ярьж, хайртай нэгнээ гомдоох үгсийг ч амнаасаа гаргаж байдаг билээ. Харин таны бодолгүй хэлсэн ганцхан үг ямар их асуудал, гай гамшигийг дагуулна гээч. Тиймээс хэдий та бухимдаж байсан ч хэлж болох, болохгүй үг байдгыг сайтар цэгнэж, биеэ барьж байгаарай.