IMG_0047

Гэр бүлийн харилцааны соёл

Эхнэр авч нөхөрт гарч гэр бүлд амьдарна гэдэг бие биендээ ямагт таавар мэт сонирхолтой байж нэг нэгнийхээ залхууг хүргэхгүй байхыг хэлнэ. Нэгэн хэмнэл, уйтгартай байдал гэр бүлийг аажимдаа “иднэ.”

Ямар ч гоо сайхан гадаад үзэмж харилцааны аугаа сайхныг орлож чадахгүй. Гэр бүлийн амьдралд эхнэрийн гоолиг бие, үзэсгэлэн төгс царай нь гэр бүл бат бэх байхын баталгаа биш ээ. “Хүн муухай зүйлд сайхан зүйлийг биширдэг шигээ амархан дасна. Заримдаа төгс сайхныг ажиглахаа больчихдог.” гэж Эзоп онож хэлжээ. Хос хоёр бие биенээ залхаадаг, нэг нэгэндээ ярих зүйл нэгэн зорилгод тэмүүлэх эрмэлзлэл үгүй болчихвол ямар ч гоо сайхан нэмэргүй. Чухамдаа тийм шалтгаанаар хүйтрэл ганцаардал эхэлнэ.
Сэтгэл санааны зөрөлдөөн дургүйцэл өчүүхэн төдий анхаарал халамж дутсанаас эхэлнэ. Нөхөр, гэргий хоёр яваандаа ярилцаж харилцахаа болино, хоорондоо үг солилцлоо ч урьдын дотно аяс алга болж буруушаан зэмлэсэн өнгөтэй болно. Энэ бүх эвдрэл, зөрөлдөөнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? Гэр бүл дотор хүнлэг харилцааг яаж сэргээх вэ?
Нөхөр эхнэрийн хоорондын тунирхал холдолтоос урьдчилан сэргийлэхийн тулд хор уршиг тарьж мэдэх шалтгаануудыг арилгах хэрэгтэй юм.
Хүн гэрлэсний дараа материаллаг зорилгыг бүхнээс илүүд үзэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааны сайхныг үл ойшоох явдал гарна. Мөнгөнд толгойгоо мэдүүлсэн зарим хүмүүс амьдралын үнэт зүйлсийг таягдан “хайр дурлал, эелдэг дотно харилцаа гэдэг зэрэглээ л гэсэн үг, харин мөнгө гэдэг чинь тоолж болох бодит эд!” гэдэг. Ийнхүү материаллаг тооцоо улам лавширсаар хамгийн үнэт зүйлс болох хүнлэг дотно харилцаа, бие биентэйгээ харьцах хүсэл алсад одно. Хүн амьд байгаа цагтаа дурлал, итгэл, харилцан ойлголцол, чин сэтгэлийн яриа, сэтгэл санааны халуун дотно харилцаа гэх зэрэг юугаар ч сольшгүй үнэт зүйлс байдгийг заримдаа эрэгцүүлэн бодож байх ёстой.
Гэр бүл доторх дотно харилцаанд заналхийлж болох хоёр дахь аюул нь эрс шууд зан юм. Гэр бүлийн амьдралаа төвхнүүлж байх үед харилцан сурах амархан юм шиг бодогдоно. Гэвч тодорхой хугацаа өнгөрөхөд тийм биш болох нь ойлгогдоно. Харилцааны соёлыг эзэмшиж, хэрэгтэй үед шаардлагатай үгийг хэлж хүний сэтгэлийн хөгийг хөндсөн хэдхэн үгийг шигтгэж илүү дутуу үг хэлж хүнийг гомдоохгүй байх нь насан туршаа суралцаад баршгүй урлаг билээ. Иймд тас түс зан нь гэр бүл дэх харилцааг эвдэж болзошгүй юм.
Зарим хүмүүс тас түс зангаараа бахархдаг нь зөв ч тухайн үедээ давж гарч байгаа юм шиг боловч хожим нь харамсаж болзошгүй. Иймэрхүү байдлаар гэр бүл дэх харилцааг хурцатгах нь аюултай.
Гэр бүлд хамгийн гол нь харилцааны урлаг, хамгийн богино зам нь “тойруу” зам билээ. Шууд муйхарлан зүтгэх биш, харилцааг улам уян хатан чиглүүлэн залснаар тэмүүлэн буй дотно харилцаанд хүрэх амархан бөгөөд зохимжтой. Хүсэж байгаа зүйлээ албадан хийлгэнэ гэж үгүй, иймд хүсэж байгаа зүйлээ хийх хүслийг төрүүлэх шаардлагатай. Залуу хос биш, туршлагатай нөхөр, эхнэртэй бол үг болгоноо бүр цэгнэнэ. Алсыг харж байдлыг тандаж болзошгүй хариуг урьдчилан харж зөв хандлагыг мэдрэмжтэй олно. Бие биендээ хайртай нөхөр, эхнэр бол хэдхэн үг солилцож нүдний харц, царайны хувирал, дохио зангаараа нэг нэгнээ ойлголцоно. Энэ нь бүдүүлэг, ухаалаг бус эрс тэс зангаас хамаагүй дээр.
Гэр бүлийн амьдралд маргаантай асуудлыг тойрч хүсэл бодлоо гүйцэлдүүлэхэд жижиг заль гаргахад буруудахгүй. Гэр бүлийн гишүүн нөгөөгийнхөө илэрхийлж чадахгүй байгаа бодол санааг томьёолох, зохих дүгнэлт хийх бололцоог олгосноор маргаан зөрөлдөөнөөс сэргийлж чадна. Зарим үед таг дуугүй байж заримдаа баашлан нэг хэвийн байдлыг эвдэж хоорондын харилцаагаа шинэ холбоосоор чимнэ.
Гэр бүл дэх харилцааны гурав дахь гол “дайсан” нь “нэр нүүрээ олж авах” гэсэн зуршил юм. Уурлаж хэрэлдэхээрээ бие биендээ илүү дутуу үг хэлж байгаа нь буруу биш, чухамдаа тийм байдалд нэг нэгнээ хүргэдэг нь хамгийн буруу. Нэр нүүрээ олж авах гэсэн утга учиргүй оролдлогын улмаас гэр бүл сарнидаг ч явдал юм. Иймд гэр бүл болсон анхны өдрөөс бие биендээ эелдэг зөөлөн соргог хандаж байх нь зүйтэй.
Гэр бүл болгонд эелдэг зан өөр өөр байдлаар илэрнэ. Хос хоёр дотно харилцаатай бол ямар ч хэцүү нөхцөлд бие биенээ үггүй ойлголцоно.
Эелдэг зан ааштай байх нь эхнэр хүнд нөхрийнхөө байдлыг таах, нөхөрт нь эхнэрийн сэтгэл санаанд уусаж баярлуулахыг оролдоход хүргэх, бие биендээ ямагт туслах сэтгэл байгааг гэрчилнэ. Хүнийг сайтар ойлгож мэдрэхийн тулд түүнд ойртон дотносоно. Тухайлбал нөхөр нь ажлаасаа ямар нэгэн зүйлд сэтгэл төвдсөн ирэхэд түүнийг нарийн ойлгодог эхнэр тэр даруй учрыг лавлах гэж шалгааж зовоохгүй, харин адилхан сэтгэл зовж учрыг ойлгохыг хичээнэ.
Аз жаргалтай гэр бүлд байх үгээр илэрхийлэх шаардлагагүй дотно харилцаа нь ямар ч зовлон, гай тотгорыг давж гарах ёс суртахууны асар их хүч болно. Харилцан яриа нь ойр дотно харилцааны гадаад илрэл юм. Айл болгонд дотно харилцаа байдаг ч түүний ёс суртахууны нөлөө, ач холбогдол нь өөр өөр байна.
Аз жаргалтай гэр бүл нь сэтгэл санааны гүн гүнзгий дотно харилцаанд тулгуурлана, тийм харилцаа нь гэр бүр болгонд өвөрмөц өөр өөр байна. Хамгийн гол нь аз жаргалтай гэр бүлүүд амьдралын бүх бэрхшээл саадыг тэвчээртэй байж хамтын хүчээр даван туулна. Элгэмсэг дотно харилцаа нь нөхөр, эхнэр хоёрын гадны хүний нүдэнд үл ажиглагдам халуун хайр дурлал, эелдэг харилцааны гадаад илрэл юм.
Гэр бүлийн үндэс нь хайр дурлал, бие биендээ соронзон мэт татагдах увидас гэдгийг хүн бүхэн ойлгоно. Гэхдээ тэр бүхэн нөхөрсөг дотно үерхэлтэй хосолсон цагт жинхэнэ аз жаргал болно.
Дэлхийн олон оронд сүй тавих ёслол хийж сүйт хархүү, сүйт бүсгүй болсноо гэр бүлийнхэн, хамаатан садан, анд нөхөддөө зарлаж сорилтын хугацааг дамжиж зан ааш, сонирхлоо харилцан мэдэлцэж таарч тохирох эсэхээ үзнэ. Энэ хугацаанд аль аль нь муу талаа нууж сайн талаа харуулахыг хичээдэг учир бие биенээ билгийн нүдээр харж таарч тохирох эсэхээ чөлөөтэй шийднэ.
Нөхөр, эхнэр хоёр дотнын анд найзууд байх нь гэр бүл жаргалтай байх маш чухал нөхцөл болохыг амьдрал бэлхнээ нотолж байна.
Учир нь гэвэл:
1. Хайр дурлал, үерхэл тус тусдаа зүйл юм. Хайр дурлал тодорхой хугацаа өнгөрөхөд гал цогоо алддаг ч нөхөр, эхнэрийн дотно үерхэл гэр бүлээ бат бэх байлгах үндэс болно.
2. Гэр бүл дэх хөдөлмөрийн хуваарь, харилцан туслалцах замаар олонх асуудлыг харилцан хүндэтгэлийн үндсэн дээр шийдвэрлэнэ.
3. Нөхөрсөг харилцаатай гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр хүүхдүүддээ тэдний ирээдүйн гэр бүлийн хэтийн төлөвийг биечлэн зааж өгч байгаагаа ямагт санаж чин сэтгэлийн дотно харилцаа, харилцан дэмжлэгт тулгуурласан гэр бүл бий болгох үлгэр жишээг үзүүлнэ.
4. Хайр дурлал, үерхлийн нөхцөлд л гэр бүлд тохь тух, баяр хөөр, харилцан ойлголцлол байна.
5. Дотно үерхдэг нөхөр, эхнэр амралтаа чөлөөтэй, хамт хөгжөөнтэй өнгөрөөж аялал жуулчлалаар цуг явж концерт, театрын тоглолт хамт үзнэ. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь харилцан туслалцал тод илэрнэ.
Гэр бүл болохын өмнө сонгосон хүн нь амьдралын ямар ч үед найдвартай анд нөхөр болж чадах эсэхийг мэдэх хэрэгтэй.
Сонгосон хүнийхээ сонирхдог зүйл, дотнын найзуудтай танилцах нь маш чухал ялангуяа найзуудтайгаа хэрхэн харилцаж байгааг нь гярхай ажиглаж зохих дүгнэлтийг хийнэ. Тэр харилцаа өөрт чинь тусна гэдгийг хатуу ойлгох ёстой. Сүйт хүний чинь найзууд нухацтай, сонирхолтой, ажил төрөл нь өөдрөг хүмүүс байвал сүйт хүний сайн талуудын нэгэн илрэл болно. Сүйт хүний чинь анд нөхдүүд өөрийн чинь сонирхдог зүйлүүдийг эс таашаадаг дургүйцэж байвал энэ нь ирээдүйд сэтгэл санаа, гэр бүл дэх харилцаанд тодорхой хэмжээгээр тусна гэдгийг ойлгох ёстой.
Дотно үерхэл нөхөрлөл нь нэг нэгэндээ хүлээцтэй нигүүлсэнгүй хандахыг хэлнэ. Ямар ч өө сэвгүй, арван хуруу тэгш хүн хорвоод байхгүй, иймд гэр бүлээ бат бэх байлгахын тулд нөгөө гишүүнийхээ дутагдалтай талыг зөв ойлгож бодит шудрага ёсны байр сууринаас хандана. Хамгийн ойр дотнын хүнээ шүүмжлэх нь буруу гэдгийг үргэлж санаж явна. Эртний грекийн гүн ухаантан Биас “Өө сэвгүй анд нөхөртэй болохыг эрмэлздэг хүн анд нөхөргүй хоцорно.” гэж онож захисан байдаг.
Гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийн тулд сайн анд нөхөддөө хандах нийтийн соёлыг дагана. Тухайлбал анд нөхөддөө тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан бэлэг өгдөг шигээ гэр бүлийн гишүүндээ бэлэг гардуулж баярлуулж байх хэрэгтэй. Гэр бүлд эхнэр гэдэг хамгийн хайртай хүн төдийгүй хамгийн дотнын анд гэдгийг нөхөр нь мартаж болохгүй.
Эмэгтэй хүнийг өдөр бүр дор хаяж нэг удаа баярлуулж байвал зохилтой. Цэцэг, чихэр, сүрчиг, ном, гоё зүйл сүйт бүсгүйг төдийгүй гэргийн сэтгэлийг хөглөнө. Бэлгийг зүгээр өгөх биш ёслол төгөлдөр гардуулж чин сэтгэлийн үг хэлнэ. Сайхан үгийг эхнэртээ харамгүй хэлнэ. Францчууд “эмэгтэйчүүд чихээрээ дурладаг” гэж ярьдаг нь оргүй зүйл биш ээ.
Анд найзуудын хоорондын харилцаанд ч байдаг гэр бүлд тэвчиж боломгүй гурван шинж чанар байдаг:
1. Анд найзууд маргалдаж заримдаа хэрэлддэг ч бие биендээ гомдож тунидаггүй. Гэр бүлд бол ам мурийж хэрхэвч болохгүй. Өөрийн санал бодлоо улайран хамгаалж зөв бурууг нотлох гэж оролдох нь буруу, үүнээс болж гоморхол харилцааны хүйтрэл гарна.
2. Анд нөхөр зан чанарын хувьд таарч тохирдоггүй байж болно. Гэр бүлд бол зан аашнаас илүү харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.
3. Анд нөхөр нэг нэгнээ эрс тэс шүүмжилж сургамжилж засаж залруулна. Гэр бүлд тэгж хэрхэвч болохгүй. Гэр бүлд харилцан шүүмжлэлээс ямагт зайлсхийнэ. Бие биендээ нөлөөлөх шаардлага гарвал шүүмжлэх биш, тойруу замаар санаа бодлоо ойлгуулна.
эх сурвалж: MNB